“Өнгөгүйн өнгө...” хэмээх бодлогошрол эссе
“Өнгөгүй”
Өнгөгүй гэгч өнгө тунах, өнгө тодрохын туйл давсан хамгийн хурц, хамгийн тод гэрэлт өнгө байхаа ч юу магад”
Юунаас ийн бодов?”
“Уснаас”
Гол урсаж байна.
Холоос үзэхүл, хөх ч юм шиг, хөхөлбий бараан ч юм шиг, ойроос үзэхүл, бараавтар .... Хар бараавтар.... Харавтар ч юм шиг, дэргэдээс нь үзэхүл, цайвар... бор цайвар... шарангуй бор... бор ногоон ч юм шиг, дотроос нь үзэхүл, өнгөгүй юм шиг! Урсгалд нь сэлэх загас, жараахай, ёроолд нь ороолдох замаг, хөлх, хэн нэг цалгай, цэвдэг сэтгэлтний хаясан шил, лааз... мандалд нь хөвөх цаас, гялгар уут хүртэл өөр өөрийн өнгө төрхөөр тов тод, нэвт шувт харагдана.
Ус ... цэнгэг тунгалагхан голын ус юуны ч өнгөнд, юуны ч хэв дүрсэнд эс садаална.
Юуны ч бай, өөр өөрийнхөө өнгөөр хүний нүдэнд харагдах нь юүнд ч эс түйтгэрлэнэ.
Юуны ч дээгүүр, юуны ч наагуур урссан, урсгал дор нь, гүнд байгаа ямар ч юм өөрийнхөө өнгөөр, өөрийнхөө л чанар, дүрээр нүднээ илхэн тусна.
Тунгалагын туйл давсаны учир дотор нь байгаа юм, юу ч бай, байгаагаараа л тодорч харагдана. Тунгалагын туйл... өнгөний туйл давсаны учир ус өөрөө дотроо байгаа юмны өнгөөр л хувирч харагдана!...
“Тунгалгын туйлд хүрнэ гэгч өөрөө огоот өнгөгүй болж, өрөөл бусдын өнгөөр чөлөөтэй гэрэлтэх чанар олохын нэр ч бий байгаа даа?”
“Эсвэл, өнгөгүй, “өнгөтэй”-н дээдэд хүрнэ гэдэг нь өөрийн гэх өнгөөр бус, өрөөл бусад юм бүгдийн өнгөөр өнгө хувилж, өрөөлийн өнгийг сүлэлгүй, сүүдэрлэлгүй, өөр өөрийнхөөр нь үлдээж, өөрөө ч уусалгүй, өөртөө ч уусгалгүй, өнгө дүрийг нь хэвээр нь нэвтрүүлж, өөрөө ч өөрийн чанар, хэлбэрээр үлдэж чадах, өрөөлийг ч өөрийн нь чанар, хэлбэрээр үлдээж чадахын нэр байж мэдэх юм!”
“Хамелеон шиг!”
“Хамелеон шиг!... Хамелеон, миний бодлоор, хүчин ихэсийн үлгэр, “төсөөлөл” болхоор чанарт ч бус, харин газарт... газрын амьтад ... ер, бусдад байгч бүх өнгө, чанарыг өөрийнхөөрөө “дотоод боломж”-инд хүрээн агуулсан аугаа нийлмэл, аугаа эгэлийн цогц ч байж болно. Явж явж, өрөөлийг өөртөө хоргүй байлгаж чадах, мөн, өөрөө өрөөлд хоргүй байж чадах л жинхэнэ хүчирхэг байхын үлгэр!Хамгийн хүчирхэг юм, -өөрөө юүнд ч аюулгүй, өөрт нь юу ч аюулгүй, эрх тэгш, хүсэл тэгш, бие биендээ ач тус тэгш “зэрэгцэн оршиж “чадах” “дотоод хүч”-ний эрх чөлөө юм. өрөөлд хал, хор болж магад бүх дотоод үндэс сурвалжаа таслах, өөрөөсөө үлдэн хөөх тэнхээ, тэсвэр л хамгийн ариун, дээд хүч!магадгүй, Хамелеоны өөрийн гэх өнгөгүй нь өнгө бүгдийн цогц чанар бүрдсэний үлгэр ч байж мэднэ!...”
“Өнгөгүй!”...
“Магадгүй, өнгөгүй гэгч хамгийн тод, тунгалаг, төгс хүчирхэг өнгө, чанар гүйцэхийн туйл байж ч магад!...”
3 сэтгэгдэл:
kiki sonilkooldo num bnaa egeeee
hoollkon jaaal bugdiig ni unshjee tegsen tanai har yum chini muuhai teneg hermit durgui hureed zalhuu hureed bna geed bgaam daa
Холоос үзэхүл, хөх ч юм шиг, хөхөлбий бараан ч юм шиг, ойроос үзэхүл, бараавтар .... Хар бараавтар.... Харавтар ч юм шиг, дэргэдээс нь үзэхүл, цайвар... бор цайвар... шарангуй бор... бор ногоон ч юм шиг, дотроос нь үзэхүл, өнгөгүй юм шиг! ................... ynen caak durselsen baina ! bi ch bas ingej hardag shuu ! bodoj baisan bodol adilhan bsan bolohoor bichlee ! goodluck!